Ц.ЭЛБЭГСАЙХАН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БАТСАЙХАН

НЭГ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛАХЫН ТУЛД ТӨРИЙН НЭГ БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, АЖЛЫН ҮЕ ШАТ ДАМЖЛАГА, ТУХАЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ОЮУН САНАА, ХҮСЭЛ ЗОРИЛГЫГ ХҮРТЭЛ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ БОЛДОГ.

“Анхны зорилго бол ерөөсөө л төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг арилгах байсан. Тэр зорилгодоо 100 хувь хүрчихлээ гэж хэлж чадахгүй. Энэ бол урт удаан хугацааны процесс.”

Төрийн үйлчилгээг цахимжуулах нь гар утасны ямар нэг аппликэйшн зохион бүтээхээс хавьгүй төвөгтэй, урт хугацаанд үргэлжлэх ажил болохыг Б.Болор-Эрдэнэ учирлав. Үүний цаана 30, магадгүй 100 жил хэвшиж тогтсон төрийн олон шат, дамжлагат ажлын хэмнэл, горимыг өөрчлөх асуудал яригдаж байдаг.

Төрийн үйлчилгээг цахимжуулах шаардлага, зайлшгүй хэрэгцээ байна гэсэн итгэл үнэмшил Б.Болор-Эрдэнэд Оксфордын их сургуульд төрийн удирдлагын чиглэлээр боловсролын зэрэг хамгаалах үед суусан байлаа. Эх орондоо ирснийхээ дараа тэр өөрийн санаа зорилгыг бусадтай хуваалцаж, ажил хэрэг болгох боломжийг эрэлхийлсээр явав. Анхны “И-Монголиа” хурал 2019 оны аравдугаар сарын 4-нд болсон аж. Хурал ч эрмэлзлэл дүүрэн уур амьсгал дунд өрнөж “Үүнийг заавал хийх ёстой” гэсэн дүгнэлтэд хүрч шууд л ажил хэрэгтээ орохоор санал нэгдсэнээр өндөрлөжээ. Гэсэн ч 2020 оны долдугаар сар хүртэл Б.Болор-Эрдэнэ “гал тогооны” гаднаас буюу төрийн нэг хэсэг болохоос өмнө төслийг эхлүүлэх боломж олдоогүй юм.

Өнөөгөөс яг нэг жилийн өмнө И-Монголиа гэх гар утасны аппликэйшнийг үйлчилгээнд нэвтрүүлж буйгаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдэгдэж байв. Өмнө нь гадаад пасспорт захиалах гэх мэт хэдэн өдөр, бүр сараар төрийн байгууллагуудын үүдийг сахиж, ээлжээ хүлээх шаардлагатай болдог байсан ажлыг Монгол Улсын өргөн уудам нутаг дэвсгэрийн хаана байгаагаас үл хамааран хэдхэн минутын дотор амжуулах боломжийг энэ аппликэйшн олгосон. Анх 181 үйлчилгээг өөртөө нэгтгэж, нээгдэж байсан уг аппликэйшнд өнөөдөр 539 үйлчилгээг багтааж, 21 аймаг, нийслэлийн 1.9 сая хүн хэрэглэж байна.

“Анхны зорилго бол ерөөсөө л төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг арилгах байсан. Тэр зорилгодоо 100 хувь хүрчихлээ гэж хэлж чадахгүй. Энэ бол урт удаан хугацааны процесс.”

Өнөөдөр, И-Монголиа нэг ой хүрч, хөгжүүлэлтийн дараагийн үе шат руу ороход бэлэн болжээ. Хиймэл оюун ухаан, хэрэглэхэд илүү хялбар дизайны шийдлээр хүч нэмсэн И-Монголиа 2.0 хувилбар таны маргаашийн амьдралыг өнөөдрийнхөөс ч хялбар болгоно.

Шинэ хувилбар хэд хэдэн шинэ боломжийг нээж өгөх аж. Маш олон зүйлийг чаддаг болсноор И-Монголиагаас өөртөө хэрэгтэй үйлчилгээнүүдийг жагсаалтаас хайж олоход бага зэрэг төвөгтэй болж ирсэн. Хоёр дахь хувилбарыг ашигласнаар хиймэл оюун ухаан нь таны өмнөөс дээрх шүүлтийг хийж өгөх болно. Өөрөөр хэлбэл, системээс санал болгож байгаа үйлчилгээнүүд нь хэрэглэгч тус бүрт харилцан адилгүй байх нь. Ингэснээр мөн хүртээмж сайжирна. Өндөр настан зэрэг технологитой өдөр бүр харьцдаггүй хүмүүст бусдаас тусламж гуйлгүйгээр аппликэйшнийг өөрөө бүрэн ашиглах боломжийг олгож байгаа юм. Үүнд мөн дизайны шийдлүүд тус болно.

Өөр нэг гол өөрчлөлт бол “My ID” буюу дижитал бичиг баримтын хэсгийг оруулж ирж байгаа. Монгол Улсын нэг иргэнд дунджаар 10-12 баримт бичиг байдаг. Эдгээрийг И-Монголиа 2.0 бүрэн орлох болно. Нэг үгээр хэлбэл, иргэд зарим бичиг баримтаа гэртээ үлдээх, эсвэл хаяж гээгдүүлснээс үүдэх хохирол, чирэгдлээс богино хугацаанд зайлсхийх боломжтой болж байгаа юм. Тухайлбал, тээврийн цагдаа таны хурууны хээг таниулаад жолоо барих эрхтэй болохыг мэдсэн ч хэрэв таны биед жолоочийн үнэмлэх байхгүй бол торгохоос өөр аргагүй. Тэгвэл И-Монголиа 2.0 таны хүчин төгөлдөр цахим жолоочийн үнэмлэх болох юм.

“Хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр, технологийн илүү амар, олон үйлчилгээтэй, цогц шийдэлтэй, хүртээмжтэй платформыг иргэнд санал болгож байгаа”. Үнэнийг хэлэхэд Монголын төр анх удаагаа хиймэл оюун ухаан ашиглаж байгаа тохиолдол энэ болж байна. Ялангуяа хувь хүний нууцтай холбогдох мэдээлэл дээр үүнийг шууд хэрэглэе гэхэд одоохондоо хангалттай зохицуулалт, эрх зүйн орчин алга. Тиймээс, нийтийн мэдээлэл, хувийн өгөгдөл хамгаалах, цахим аюулгүй байдал болон цахим гарын үсэгтэй холбоотой асуудлаар таван хуулийн төсөл УИХ-д өргөн бариад буй. “Эдгээр нь цахим засаглалын суурь хуулиуд. Энэ хуулиуд байхгүй учраас цахим засаглал бүрэн утгаараа тогтож чадахгүй явж ирсэн” гэж Б.Болор-Эрдэнэ хэлэв. Нөгөө талаас энэ хуулиуд батлагдаж байж сая И-Монголиа 2.0 бүрэн ажиллах боломжтой.


ИХ ӨГӨГДӨЛ

Хиймэл оюун ухаан

Нийгмийн эрүүл мэнд, амьдралын шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд их өгөгдлийг цаг тухайд нь үнэн зөв удирдах, тайлагнах шинэ тулгамдсан асуудалтай тулгарч байна. Засгийн газрын агентлагууд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид, их дээд сургуулиуд, салбарын бүлгүүд тархах хурд, халдварын түвшин, эрсдлийн статистик, эцэст нь вакцинжуулалт, сүргийн дархлааг хэрхэн хөгжүүлэх зураглалыг гаргахын тулд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн асар их, ялгаатай өгөгдөлд дүн шинжилгээ хийхээр ажиллаж байна.


И-Монголиа 2.0-ийн бүх боломжийн талаар илүү нарийн тодорхой мэдээллүүд энэ жилийн Digital Nation үзэсгэлэн дээр танилцуулагдана. Өмнө нь “ICT Expo” нэрээр зохион байгуулагдаж ирсэн тус үзэсгэлэн энэ жилээс олон улсын статустай болж улам өргөн хүрээнд, 100 гаруй оролцогчтойгоор зохион байгуулагдаж байна. Энэ жилийн үзэсгэлэнд Монголын анхны дрон шоу, лазер шоу, 5G технологийн туршилт гэх мэт сонирхолтой хөтөлбөрүүд багтжээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын “5G технологийг нэвтрүүлэх бодлогын чиглэл”-д 2023 оноос уг технологийг хэрэгжүүлж эхлэхээр тусгасан байдаг. Гэхдээ хувийн хэвшлүүд 5G технологийг оруулж ирээд ажиллаж байна. “5G дэмжих технологи нь өөрөө онцлогтой. Apple, Samsung, Huawei- ийн хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүд дээр л ашиглах боломжтой. Гэхдээ том зургаар нь харвал хэрэгтэй салбарууд бий” хэмээн тэрбээр ярилаа. Жишээлбэл, уул уурхайн овор хэмжээ ихтэй, хүнд техник хэрэгслүүдийг зайнаас ажиллуулах. Түүнчлэн эрүүл мэнд, хөдөө аж ахуй гэх мэт уламжлалт салбаруудад илүү үр бүтээмжтэй шийдлүүдийг нэвтрүүлэх боломж байгаа. Ялангуяа эрүүл мэндийн салбарт ач холбогдол өгч байгаа аж. Digital Nation үзэсгэлэн дээр хэд хэдэн компани робот, уул уурхайн тоног төхөөрөмж, автомашин дээр 5G технологи туршихаар төлөвлөжээ. “Туршилтууд амжилттай болоод ирэхээр 2022 оноос үе шаттайгаар шаардлагтай салбаруудад 5G технологийг нэвтрүүлэх бодлого баримталж байна.”

Монголчууд 4G технологийг ашиглаад таван жилийг ардаа үдлээ. Өнөөгийн байдлаар 323 сумыг шилэн кабелиар холбосон. Гэсэн ч цахим засаглалыг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа нэг сорилт нь хүртээмж хэвээр байна. Хүртээмжийг сайжруулахын тулд зөвхөн дэд бүтэцтэй байх хангалтгүй аж. Тэрхүү технологийг ашиглах хэрэглэгчид нь бэлэн байх нь мөн чухал болоод байна. Иймд технологийн дэвшлийг амьдралынхаа нэг хэсэг болгож хараахан чадаагүй байгаа хэсэгт дижитал боловсрол олгох ажлыг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. “Хүссэн, хүсээгүй “Цахим” бол ирээдүй. Хөдөө орон нутаг, өндөр настнуудад үйлчилгээгээ яаж хүргэх вэ гэдэг асуудал бий. Үүн дээр Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран ажиллаж байна. Насан туршийн боловсрол гэж үздэг учраас энэ бол нэг удаа хийгээд дуусах ажил биш” хэмээв.


FORBES MONGOLIA

2021/09 САР